2008-04-12 15:22:02

Нүдийг минь боогоод нарны гэрлээс хичнээн тусгаарласан ч би юмсын мөн чанарт нэвтэрч чадна. Юу ч харахгүйгээр би гэрэл гэгээнд уусч, юу ч харахгүйгээр би өөрийн үнэлэмжийг цогцлоож чадна. Юу ч мэдрэхгүйгээр ахуйг сэрж, юу ч сонсохгүйгээр Бетховений зовлонг ч ойлгож чадна. Орчлонгийн гуниг зовлон хийгээд баяр хөөрийг сэтгэлдээ буулган зурахад надад мэдрэхүйн ямар ч цочроол хэрэггүй. Магадгүй нүд минь боолттой учраас л эд юмс миний дураар өөрийн өнгөө сольж, зөвхөн миний төсөөллөөр орчлон биежэн орших болно. Тиймдээ ч зүсийг нь харж, дуу хоолойг нь сонсож, нэрийг нь таниагүй ч би Алкемийг мэдэрч байна. Түүний инээмсэглэх, санаа алдах, эргэлзэх, баясах, гунихын утга бүхэн зүрхний минь гүнд, нүдний минь үзүүрт, чихний минь хажууханд байна. Юу ч ярилгүйгээр би түүний хөнгөн гунигыг таньсан шигээ юу ч ярилгүйгээр би түүнийг хөнгөн гунигтай болгож чадна. Энэ гуниг гэхдээ орчлонгийн бүхий л гунигаас хамгийн гэгээхэн басхүү салахын аргагүй амтат гуниг...


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: